ЕРӨНХИЙ КОНСУЛ Т.ГАНБОЛД ЭКЗЕКВАТУРАА ГАРДАН АВЛАА

Монгол Улсаас БН Киргиз Улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд 12 сарын 26-ны өдөр БНКирУ-ын ГХЯ-нд очиж, консулын патентаа өгч, Экзекватураа гардан авлаа. БН Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Усенов Ерөнхий консул Т.Ганболдод экзекватурыг гардуулан өгөв.

kirgiz

Ерөнхий консул Т.Ганболд экзекватураа гардан аваад, БН Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Усеновт хандаж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахыг хүсэхийн ялдамд, дараах асуудлуудад анхаарлаа хандуулж, бүх талын дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Ерөнхий консул Т.Ганболд хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар саяхан Бишкек дэх ЕКГ-ын статусыг нэмэгдүүлэн ЭСЯ болгохоор шийдвэрлэж, УИХ-д өргөн барьсан. Иймд БН Киргиз Улсыг Улаанбаатарт өөрийн ДТГ-ыг нээх асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэнэ гэдэгт найдаж, ойрын үед албан ёсны хариу өгнө гэж итгэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн манай ГХЯ-ны дэргэд ДГХБО-ын Олон улсын судалгааны төв байгуулагдан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Уг төв цаашдаа НҮБ-ын дэмжлэгээр Засгийн газар хоорондын төрөлжсөн байгууллага болно. Тиймээс Олон улсын судалгааны төвийн хэлэлцээрт БН Киргиз улсыг нэгдэн оруулах тухай асуудлыг анхааралдаа авч, Парламент буюу Жогорху Кенешээр ойрын үед шийдвэрлэх асуудлыг хурдавчлуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахтай холбогдуулан хамтарсан ажлын хэсэг байгуулах Монгол Улсын саналыг энэ холбооны нэг гишүүн орны хувьд БН Киргиз Улс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахыг хүслээ.

БНКирУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Усенов Ерөнхий консул Т.Ганболдын саналыг Гадаад хэргийн сайдад танилцуулахаа илэрхийлж, дэмжих үндэстэй гэж бодож байгаагаа хэлэв. Монгол, Киргиз хоёр улс ах дүү ард түмний хувьд эдгээр асуудлаар хязгаарлахгүйгээр цаашид бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.