ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.12.19-2016.12.23

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД АЙЛЧИЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Амаль Абдулла Аль-Кубейситэй уулзаж, албан ёсны яриа хэлцээ хийв.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД САУДЫН АРАБЫН ВАНТ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлэв. УИХ-ын даргын Саудын Арабт хийж буй айлчлал нь ажлын айлчлал бөгөөд тэрээр Эль-Рияд хотноо Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль-Саудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БАЛБА УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Махатын урилгаар Балба улсад 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийв.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД М.ТАКАОКА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока-г Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан 12 дугаар сарын 22-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.Такаока-д баяр хүргэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, улс төрийн итгэлцэл гүнзгийрснийг тэмдэглэв.