ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.12.26-2016.12.30

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БУТАН УЛСАД АЙЛЧЛАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бутаны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржигийн урилгаар Бутан Улсад 12 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа явцад Бутан Улсын Парламентын Дэд дарга Чимиддоржи, Ерөнхий сайд Цэрэн Тобгай нарт бараалхан Гадаад хэргийн сайд Д.Доржитой хоёр орны харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцээ хийв.

МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яамд хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болов. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэх хүрээнд Монгол, Энэтхэгийн улс төрийн яриа хэлцээний давтамжийг хадгалах, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээнүүд, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар талууд санал солилцов.