30 ЖИЛИЙН ОЙГ МЯЛААЖ ХӨСӨГТӨН ТОГЛОВ

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг Бразилийн нийслэл Бразилиа хотноо анх удаа бүрэн хэмжээний концерт тоглолоо. Арга хэмжээг Элчин сайд Ч.Сосормаа, Бразилиа Холбооны тойргийн Парламентын Ерөнхийлөгч Ж.Валле, Гадаад харилцааны яамны Зүүн Азийн газрын дарга Мариа Изабел Виейра нар нээж, хоёр улсын  харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжлүүлэхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Тоглолтыг Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд болон улс төр, бизнесийн төлөөлөл оролцсон нийт 500 гаруй үзэгчид үзэж сонирхлоо.

Дашрамд дурьдахад тус хамтлаг өнгөрсөн долоо хоногт Бразилийн эртний нийслэл Сальвадор хотноо зохион байгуулагдсан олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцож, үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг үзүүлж, сурталчилсан юм.