“ВИЗ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АСУУДЛААР ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮНДЭСНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

“Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин“ сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-наас Монголын Хуульчдын холбоотой хамтран 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий прокурорын газар,  Австрали, АНУ, Казахстан, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Унгар, Энэтхэг, Франц, Япон зэрэг орны Улаанбаатар дахь ЭСЯ-ны дипломатууд оролцов.

Монголын хуульчдын холбооноос нийт хуульчдын дунд явуулсан судалгааны дүн, өнөөгийн  эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа. Улсын Ерөнхий прокурорын газраас виз зуучлах нэрийн дор үйлдэгдсэн гэмт хэргийн байдал, иргэдэд учирсан хохирол, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчны талаар танилцуулав. АНУ-ын ЭСЯ-наас визний мэдүүлэг, баримт бичиг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх тухай сургалтын хөтөлбөрийнхөө талаар үг хэлэв. Визний хууль бус зуучлал, залилангийн холбоотой хэргийг ЭСЯ-наас Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлж байхаар тогтов.

Улаанбаатарт гадаадын 7 улсыг төлөөлөн визний мэдүүлгийг хүлээн авч байгаа VFS байгууллага өөрийн үйл ажиллагаагаа танилцуулав.

Монголын хуульчид цаашид гадаад орны шилжилт хөдөлгөөний хуулийн талаар судалгааг гүнзгийрүүлэх, хуульчдын чадамжийг нэмэгдүүлэх, иргэдэд зөвлөгөө өгөх эрх зүйн орчинг бүрдэлдүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрэв.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан иргэд гадаадад зорчих нөхцлийг улам сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэг үр дүнтэй болов.