ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.01.23-2017.01.27

МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2017 оны 1 дүгээр сарын 27-нд тохиож, талууд энэхүү ойг хамтран тэмдэглэв. Энэ өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Ж.Гаалт нар ойн хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн хүлээн авалт зэргийг хамтран нээж, үг хэлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТЭЙ УТСААР ЯРИВ

2017 оны 1 дүгээр  сарын 24-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив. Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ, Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр талын харилцааны хөгжлийн суурь зарчим гэж үздэгээ тэмдэглэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД С.ЧЕПУРНОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дээрх ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нарын баярын захидлуудыг солилцов.