ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.02.06-2017.02.10

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд А.Язал эртний түүхт, найрсаг харилцаат Монгол Улсад томилогдон ажиллаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцааг бүхий л салбарт бататган хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа тэмдэглэв.

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 2 дугаар сарын 24-нд тохиож байна. Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Нээлтийн ёслол, Гэрэл зургийн үзэсгэлэнг ГХЯ-нд зохион байгуулав.

МОНГОЛ УЛС, БНАСАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, БНАСАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болж, талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутгийн асуудлаар санал солилцов. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уг зөвлөлдөх уулзалтад оролцсон БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны  Азийн газрын захирал Жөн Хён Ү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж ярилцав.