ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, худалдааны асуудал эрхэлсэн сайд В.О.Никишина, Комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан сайд В.Н.Корешков нартай тус тус уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож, ярилцав. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Эдгээр уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, талууд хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саадыг арилгахад чиглэсэн бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг асуудалд чухал ач холбогдол өгч буйг онцлон дурдаж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хөндөж тавив.

Тэрбээр Комиссын худалдааны асуудал эрхэлсэн сайд В.О.Никишинатай хийсэн уулзалтын үеэр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулах, судалгааны ажлыг цаг алдалгүй эхлүүлэх тухай монголын талын саналыг Евразийн эдийн засгийн комиссоос дэмжихийг хүсээд, энэ чиглэлээр талууд нягт хамтран ажиллах, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудыг татан оролцуулах боломж, судалгаанд шаардагдах хугацаа, шийдвэр гаргах үйл явц зэрэг асуудлыг онцлов.

Комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан сайд В.Н.Корешковтой хийсэн уулзалтаар талууд худалдааны мал эмнэлэг, ургамал эрүүл ахуй, хорио цээр, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлаар санал солилцож, ярилцав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил В.Н.Корешковыг Монгол Улсад тааламжтай үедээ айлчилж, хоёр талын худалдаанд гол саад учруулж буй тарифын бус саад болох техникийн зохицуулалтын асуудлаар Монголын мэргэжлийн байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийн зөвлөгөө өгөхийг хүсэв. В.Н.Корешков энэхүү арга хэмжээний саналыг хүлээн авч, гуравдугаар сарын сүүлийн хагаст Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв.