ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОЁР ТАЛТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Үндэсний хөгжлийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт олон улсын гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, хөрөнгө оруулалтын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож, олон улсын хөрөнгө оруулалтын чиг хандлага, Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын хоёр талт олон улсын гэрээний эрх зүйн орчны талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу гадаадын хөрөнгө оруулагчдад хамтын ажиллагааны болон эрх зүйн тогтвортой орчинг бүрдүүлэх, тэдгээрийн эрх ашигт хамаарах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас  авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн танилцууллаа.

Түүнчлэн, хөрөнгө оруулагчдад тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх боломж, манай улсаас бусад улстай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал солилцов.