ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.02.13-2017.02.17

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ОХУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2017 оны 2 дугаар  сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ОРЛОГЧ САЙДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНД БАЙГУУЛСАН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАВ

Европын Парламентын чуулганы 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталж, тогтоол гаргалаа. Тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдоос Европын Парламентын Ерөнхийлөгч Антонио Таяанид талархал илэрхийлж, захидал хүргүүлэв.