ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.02.27-2017.03.03

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН 34 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 34 дүгээр чуулганы 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.

Сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас олон улсын тавцанд болон үндэсний хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ СИНГАПУР УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нг Тэк Хен-тэй уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцов.

АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЭВ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Цагаан сарыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв.

Тэрбээр мэндчилгээндээ гэр бүл, найз нөхдөөрөө цуглаж Цагаан сарын баяраа хийж буй Монголын ард түмэнд Ерөнхийлөгч Д.Трамп болон Америкийн ард түмний нэрийн өмнөөс  сайн сайхныг хүсэн ерөөе.  Та бүхэн шинэ жилдээ хөгжил цэцэглэл, амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Энэ жил бид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд манай ард түмнүүдийн ойр дотно харилцаа улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэж байна гэжээ.