САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛСАН ИНСТИТУЦ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ ЗАХИРАЛ МИХАЭЛЬ ГЕОРГ ЛИНКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ  сарын 14-15-ны өдрүүдэд манай улсад айлчилсан ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-ны захирал ноён Михаэль Георг Линкийг хүлээн авч уулзав.

ЕАБХАБ-ын АИХЭА-ны захирал М.Г.Линк Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг амжилттай зохион байгуулсанг тэмдэглээд манай улсын туршлага бүс нутгийн бусад улс оронд үлгэр жишээ болохуйц болсон талаар дурдаж, цаашид Монгол Улсын төрийн холбогдох байгууллагууд сонгуулийн ажиглагчийн багийн тайланд туссан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Улаанбаатар хотод Сонгуулийн ажиглагч бэлтгэх бүс нутгийн сургалтын төв байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, ЕАБХАБ-д монгол ажилтнуудыг дадлагажуулах, ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэж, АИХЭА-ны хүрээнд цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.