Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрт  энэ сарын 29-ний өдөр гарын үсэг зурлаа.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида гарын үсэг зурах ёслолын өмнө УИХ-ын дарга М.Энхболдод бараалхав. Мөн хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ онд харилцаа, хамтын ажиллагааны чиглэл бүрт ахиц гаргаж, эрчимтэй ажиллахаар хоёр тал ярилцав.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн шинэ Дунд хугацааны хөтөлбөрт харилцан ашигтай  харилцаа, хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарт  өргөжүүлэн хөгжүүлэх ойрын 5 жилийн зорилт, чиглэлүүд дэлгэрэнгүй тусгагдав.