Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальдив Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболд тус улсын Ерөнхийлөгч Абдулла Яамин Абдул Гаюумд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Мальдив Улсын Ерөнхийлөгчийн ордны “Газий” ёслолын танхимд болсон Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд тус улсын  Гадаад хэргийн сайд др.Мохамед Азим, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн сайд Мохамед Насир, ГХЯ-ны Ёслолын газрын захирал Мохамед Шахуди болон албаны бусад хүн байлцав.

Мальдив Улсын Ерөнхийлөгч Абдулла Яамин Абдул Гаюум Элчин сайд Г.Ганболдын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Элчин сайдтай  найрсгаар ярилцав. Элчин сайд Г.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг түүнд уламжилж Монгол, Мальдивын найрсаг харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.