Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Евразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын стандарт, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, ургамал эрүүл ахуйн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний бараа, бүтээгдэхүүнийг тус холбооны гишүүн орнуудын зах зээлд саадгүйгээр нийлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхд бараалхаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, МҮХАҮТ-ийн дарга М.Оюунчимэг, СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, МХЕГ-ийн дэд дарга Г.Сугарбат нартай тус тус уулзаж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мөн Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, “Мах маркет” зэрэг мах боловсруулах үйлдвэрүүд болон хөнгөн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, МҮХАҮТ-д Монголын бизнесийн 110 гаруй төлөөлөлтэй уулзаж, Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжууд, хэрхэн хамтран ажиллах тухай асуудлаар ярилцав.

Гуравдагч орноос тус Холбооны гишүүн орнуудад бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл, шаардлага, стандарт, норм, нормативын баримт бичиг, техникийн зохицуулалтын тогтолцооны талаар өргөн хүрээний уулзалт, семинарыг  зохион байгуулав. Арга хэмжээнд ГХЯ, ХХААХҮЯ, МЭҮГ, МХЕГ, СХЗГ, НМХГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, МҮХАҮТ-ийн төлөөлөл болох нийт 70 орчим мэргэжилтэн, ажилтан, шинжээчид оролцож, санал солилцов.

Айлчлалын үеэр талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын стандарт, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулахаар тохиролцов.