ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.03.13-2017.03.17

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛСАН ИНСТИТУЦ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ ЗАХИРАЛ МИХАЭЛЬ ГЕОРГ ЛИНКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд манай улсад айлчилсан ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-ны захирал ноён Михаэль Георг Линкийг хүлээн авч уулзав. ЕАБХАБ-ын АИХЭА-ны захирал М.Г.Линк Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг амжилттай зохион байгуулсанг тэмдэглээд манай улсын туршлага бүс нутгийн бусад улс оронд үлгэр жишээ болохуйц болсон талаар дурдаж, цаашид Монгол Улсын төрийн холбогдох байгууллагууд сонгуулийн ажиглагчийн багийн тайланд туссан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 61 ДҮГЭЭР ЧУУЛГАН ЧУУЛЖ БАЙНА

Нью-Йорк хотноо 2017 оны 3 дугаар сарын 13-нд ажлаа эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61 дүгээр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд  сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож “Төр ба хувийн хэвшил дэх цалин хөлсний ялгаа” сэдэвт Сайд нарын дугуй ширээний ярилцлага,  “Ажил хөдөлмөрийн өөрчлөгдөн байгаа орчинд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулахын тулд түншлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт Өндөр түвшний хэлэлцүүлэгт тус тус үг хэлэв.