ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.03.27-2017.03.31

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР МОНГОЛ, ЯПОНЫ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрт  энэ сарын 29-ний өдөр гарын үсэг зурлаа.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БРИТАНИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН, ГАДААД ХУДАЛДААНЫ ЯАМНЫ САНХҮҮ, БОЛОВСРОЛ, АВТОМАШИН, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ХАРИУЦСАН САЙД МАРК ГАРНИЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсад айлчилж буй Британийн Парламентын гишүүн, Гадаад худалдааны яамны Санхүү, боловсрол, автомашин, технологийн салбар хариуцсан сайд Марк Гарниерийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол-Британийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛЫН УРИЛГААР ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД В.Н.КОРЕШКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Евразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ 17 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит 17 дугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрөв. Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Европын Холбооны талаас Европын Гадаад харилцааны Албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Гуннар Виганд нар хамтран даргалж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлуудыг хэлэлцэв.

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ГХЯ-Д ХООРОНДЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-д хоорондын Бодлогын ээлжит  зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо амжилттай болов. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Гадаад бодлого төлөвлөлтийн газрын захирал О.В.Степанов нар ахлав. Төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүлээн авч уулзав.

“ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГУРВАН ТАЛЫН ЭКСПЕРТҮҮДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын экспертүүдийн анхдугаар уулзалт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдав. Энэхүү гурван талын уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны Баруун бүсийн газрын орлогч дарга Шяо Вэймин, оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч дарга А.В.Зеленев нар тус тус ахлав.