ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.04.03-2017.04.07

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНСВУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-ийн урилгаар БНСВУ-д албан ёсны айлчлал хийв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-тэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИТАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД ИВАН СКАЛФАРОТТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Италийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дэд сайд Б.Батцэцэг Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаанд оролцохоор Монгол Улсад айлчилж буй Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, тус комиссын Италийн хэсгийн дарга  Иван Скалфароттотой хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИТАЛИЙН СОЁЛЫН ӨВ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД ДОРИНА БИАНКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Италийн Соёлын өв, аялал жуулчлалын яамны дэд сайд Дорина Бианкиг  хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр олон зуун жилийн түүхтэй Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа өнөөг хүртэл амжилттай өргөжиж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан энэ харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа дэд сайд нар илэрхийлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч Төрийн нарийн бичгийн дарга Саймон МакДоналд, Парламентын Лордын танхимын гишүүн, ГХХНЯ-ны Хамтын нөхөрлөл, НҮБ-ын асуудал хариуцсан Төрийн сайд Баронесс Анели, Парламентын Дээд танхимын гишүүн Лорд Баунэсс, Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” санаачилгын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Д.Уолпол, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлд Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Франс Вийкерс нартай уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

МОНГОЛ, ИТАЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХОЛИМОГ КОМИССЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын холимог хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдаанаар хоёр тал тус тусын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар харилцан мэдээлэл хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.