ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТОД БОЛОВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны      Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болов. Хуралдаанд БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал бөгөөд ЗГХК-ын Хятадын талын Ажлын хэсгийн дарга Ян Вэйчюнь, ГХЯ-ны ХөОГ-ын захирал бөгөөд ЗГХК-ын Монголын талын Ажлын хэсгийн дарга Т.Жанабазар нар төлөөлөгчдөө ахлан оролцов.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Ян Вэйчюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид анхаарах асуудлаар ярилцав.

Ажлын хэсгийн хуралдаанаар БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын уул уурхай болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, тээврийн хамтын ажиллагааг урагшлуулах, манайхаас экспортлох махны хорио цээрийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ баримт бичгүүд байгуулах зэрэг болон бусад салбарын асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.

Төлөөлөгчид БНХАУ-ын Засгийн  газраас хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн үйл явцтай танилцав.