САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД М.ТАКАОКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг энэ сарын 21-ний өдөр хүлээн авч уулзан Монгол, Японы харилцааны цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын энэ оны гуравдугаар сард Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд, айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр нягт хамтран ажиллахаа нотлов. Тухайлбал, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтарсан хорооны ээлжит хурлыг зохион байгуулах, Давхар татварын хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээг урагшлуулж, төр, хувийн хэвшлийн хамтарсан 8 дугаар зөвлөлдөх уулзалтыг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулах, нүүрс-химийн цогцолбор байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд М.Такаока Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг дурдаад, Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ онд хоёр улсын харилцааг улам идэвхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.