МОНГОЛЫН СОЁЛЫН ТӨВ БОЛОН ЧИНГИСИЙН ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ, Индонез дахь Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоногийн санаачлагаар байгуулсан Монголын Соёлын төвийн өргөтгөсөн нээлтийн ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 23-нд Танжунг Лэсунг дахь аялал жуулчлалын бүсэд болов.

Нээлтийн ажиллагаанд ЭСЯ, Соёлын төвийг ажиллуулж буй “Жабабэка” групп, БНИУ-ын Засгийн газрын төлөөлөл, Жакартад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, “Президент” Их сургуулийн оюутнууд, JCI байгууллагын төлөөлөгчид болон Индонезид ажиллаж, амьдарч буй монголчууд оролцов.

Монгол, Индонезийн харилцаа, хамтын ажиллагааны эрчимтэй хөгжлийн эрч хүчийг бэлэгдсэн Эзэн Богд Чингис хааны хөшөөний нээлтээр ёслолын ажиллагаа эхлэв.

Ёслолын үеэр Элчин сайд Ш.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоод даруй 61 жил өнгөрч байна. Асар их түүх соёл, өв уламжлалтай Монгол Улс нь дэлхийд өөрийн түүхээрээ танигдсан улс юм. Монголчуудын өв соёлыг индонезчүүд ч өргөн судалж, зарим арал, үндэстэн яснууд нь Хубулай хааны домог, түүхийг ярьж байхыг олонтоо сонсож бахдан баярлаж суусан тухайгаа онцлон тэмдэглэв.

Тэрээр Индонез улсад байгуулагдаж байгаа Монголын Соёлын төв нь Монголын болоод гадаадын жуулчдын сонирхлыг татаж чадсан төсөл болсныг тэмдэглэж, ЭСЯ-ны санаачлагыг дэмжиж 1 га газрыг хамарсан Соёлын төв байгуулах төслийг дэмжиж ирсэн “Жабабэка” группт талархал илэрхийлэв.

Монголын Соёлын элч бөгөөд “Жабабэка” группын ерөнхийлөгч Сэтионо Жуанди Дармоно Монголын өвөрмөц соёлыг онцлон тэмдэглэж, Монголын Соёлын төв нь Танжунг Лэсунгийн гол чимэглэл болно гэдэгт итгэл дүүрэн буйгаа илэрхийлж, уг төслийг бодиттой хэрэгжүүлэхэд Элчин сайд Ш.Батцэцэгийн онцгой хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэсэнийг тэмдэглэв.

БНИУ-ын ГХЯ-ны Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Эди Юсуп хэлсэн үгэндээ Монгол Улсын ЭСЯ-ны идэвх санаачлагыг өндрөөр үнэлж, соёлын харилцааг ийнхүү хөгжүүлэх нь бүх талуудад ашигтай гэдгийг тэмдэглэв.

Ирсэн зочид Монгол эрийн гурван наадам, шагайн наадгайтай танилцаж, монголын үндэсний хоол зооглож, мөн Соёлын төвийн гэрүүдэд зочилж, монголын үндэсний хувцас өмсөж зураг авхуулах боломжтой байсанд ихээхэн баяртай байлаа.