МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР ЗАРИМ ЭЛЧИН САЙД НАРЫГ ШАГНАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 4-р сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яам, Казахстан Улсын ЭСЯ-тай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Казахстан Улсын Элчин сайд К.Кобландин нар үзэсгэлэнг нээж үг хэлж, төр, засгийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон гадаад орны дипломат төлөөлөгчийн газрууд үзэсгэлэнд уригдан оролцов.

Түүнчлэн тус арга хэмжээний хүрээнд Элчин сайд К.Кобландин Монгол Улсаас Казахстан Улсад томилогдон ажиллаж байсан Элчин сайд нарт хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Назир Төрекуловын нэрэмжит медалиар шагнав. Назир Терекулов нь анхны казах дипломат юм.

Жич: Назир Төрекулов (1893-1937) – анхны казах дипломат, Казахстан Улсын нийгмийн нэрт зүтгэлтэн.

Назир Төрекуловын нэрэмжит энэхүү медалийг 2003 оноос хойш «Казахстаны гадаад бодлогод оруулсан хувь нэмрийн төлөө» Казахстан Улсын Гадаад хэргийн яамнаас олгож эхэлсэн болно.