ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгаар Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 6 дугаар бага хуралд оролцохоор Москвад ирсэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ОХУ-ын БХЯ-нд Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны ГХАГ-ын зөвлөх, Г.Лүндэн, Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар, Цэргийн атташегийн туслах, хошууч Г.Одбаяр нар оролцсон бол Оросын талаас Батлан хамгаалахын дэд сайд А.В.Фомин, ЦТХАХА-ны дарга Д.Е.Шугаев болон БХЯ-ны удирдлагын бүрэлдэхүүнээс оролцов.

 Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн онд болсон 5 дугаар бага хурлаас хойших хугацаанд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаанд олон чухал үйл явдал болсныг тэмдэглээд ОХУ-ын БХЯ-ны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Мөн цэрэг-техникийн тусламжийн тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хугацаа сунгах, монголын насанд хүрээгүй иргэдийг Оросын Кадетын сургуульд сургах асуудал нааштай шийдвэрлэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Батлан хамгаалахын сайд хоёр улсын цэргийн сургуулиудын хооронд харилцаа тогтоох, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ОХУ-ын хил залгаа цэргийн тойргуудтай тогтоосон харилцааг идэвхжүүлэх, тусламжийн хүрээнд хүлээн авсан зарим техник, байгууламжийг ашиглахад мэргэжлийн дэмжлэг авах сонирхолтой байгаагаа мэдээлэв.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгу бидний урилгыг хүлээн авч БХЯ-наас зохион байгуулж байгаа Олон улсын хуралд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нар тогтмол оролцож байгаад талархал илэрхийлээд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Батлан хамгаалахын сайдын санал болгосон асуудлуудад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан урилгыг талархан хүлээж авав.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх 6 дугаар бага хурлын ажиллагаанд оролцоно.