ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ “ТҮҮХИЙН УЛСЫН ОЛИМПИАД”-ЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/103 тоот тушаал болон “Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам”-д заасны дагуу энэ оны 2 дугаар сараас эхлэн улс даяар зохион байгуулсан “Түүхийн улсын олимпиад”-ын сүүлийн III шатны шалгаруулалт 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Үндэсний хэмжээнд зохион байгуулсан энэхүү олимпиадыг Гадаад харилцааны яамнаас боловсон хүчний бодлогынхоо хүрээнд түүхийн суурь мэдлэг сайтай, олон улсын харилцааны чиглэлээр суралцах, ажиллах сонирхолтой залуусыг нээж олох, бэлтгэх зорилгоор дэмжин ажиллав. Гадаад харилцааны  яамнаас олимпиадад амжилттай оролцож, Тэргүүн байр эзэлсэн Төв аймгийн Эрдэнэ сумын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Сэргэлэнбаатарт Монгол Улсын Их Сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцах эрх олголоо.

Мөн энэ үеэр Гадаад харилцааны яам ба Түүхийн олимпиадыг зохион байгуулах Дэд хорооны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Энэхүү санамж бичигт монголын түүх, соёлыг гадаадад сурталчлах, хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг өвлүүлэх, тэдгээр хүүхдүүд болон Монголыг судлахаар зорьж буй гадаад оюутнуудын дунд түүхийн олимпиадыг зохион байгуулах, дэлхийн болон эх орныхоо түүхийн өндөр мэдлэгтэй олон улсын харилцааны мэргэжилтэн, дипломат ажилтан бэлтгэх  чиглэлээр хамтран ажиллахаар тусгав.

Төр засгаас түүх, соёл, өв уламжлалаа дэлхий нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхааран ажиллаж буй энэ цаг үед “Түүхийн улсын олимпиад”-ыг санаачилж, үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулсан нь үүх түүхээ мэддэг, бахархан суралцдаг “Монгол иргэн”-ийг сурган төлөвшүүлэх, урамшуулахад чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон арга хэмжээ боллоо.