ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.05.01-2017.05.05

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН ХОЛБООНД АЙЛЧЛАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БЕЛЬГИЙН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙД ДИДЬЕ РЕЙНДЕРСТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийх үеэрээ Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй Брюссель хотноо уулзав. Уулзалтаар талууд ардчилал, хүний эрхийн төлөө нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхолд тулгуурласан Монгол-Бельгийн харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлов.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ДОТООД ХЭРЭГ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ДЭД САЙД К.ХАРАДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд К.Харадаг хүлээн авч уулзав. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдэн, улс төрийн итгэлцэл гүнзгийрснийг тэмдэглэж, Стратегийн түншлэлийг дараачийн шатанд дэвшүүлэхийн чухлыг онцлов.

МОНГОЛ УЛС, АВСТРАЛИ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Улс Австралийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 9 дүгээр сарын 15-нд тохиож байна. Ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар дахь Австрали Улсын Элчин сайдын яамтай хамтран цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр “Зөвшилцөл” танхимд “Эмэгтэйчүүдийн манлайлал, хүйсийн тэгш байдал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болж, цуврал арга хэмжээний салхийг хагалав. Уулзалт хэлэлцүүлгийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри нар нээж үг хэлэв.