“Хүрээлэн буй орчин” сэдэвт монгол, америк хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр орны хүүхэд залуучуудын дунд найрсаг, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, тэдэнд байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил бий болгох зорилгоор “Хүрээлэн буй орчин” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулж, шалгарсан бүтээлүүдээр Улаанбаатар дахь Америкийн соёлын төвд үзэсгэлэн гаргаж байна.

Энэхүү үзэсгэлэнд монголын 30, америкийн 30 хүүхдийн нийт 60 бүтээл тавигдсан бөгөөд тус гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулж, зургийн эздэд ГХЯ болон АНУ-ын ЭСЯ-ны зүгээс бэлэг дурсгалын зүйл гардуулан өглөө.

“Хүрээлэн буй орчин” сэдэвт монгол, америк хүүхдийн гар зургийн үзэсгэлэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд Улаанбаатар дахь Америкийн соёлын төвд олон нийтэд толилуулагдана.