Нэг. Ерөнхий зүйл

Гадаадын залуу монгол судлаачдад зориулсан “EBI” тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь гадаадын их, дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудыг дэмжих, тэднийг урамшуулах, монгол хэлийг шамдан сурах, монгол ахуй, соёлтой бодитоор танилцах нөхцөл, боломжоор хангахад оршино.

Уг хөтөлбөрт оролцогчдыг сонгон шалгаруулахад дараахь журмыг баримтална.

 

Хоёр. Хөтөлбөрт оролцогчдыг сонгон шалгаруулах

2.1. Хөтөлбөрт оролцогчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг дараахь байдлаар зохион байгуулна.

2.1.1. Хөтөлбөрт оролцогчдыг хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн журмаар бүртгэнэ.

2.1.2. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад монгол хэлийг сурч буй монгол үндэстэн биш гадаадын иргэн нэрээ мэдүүлнэ.

2.1.3. Дипломат төлөөлөгчийн газар бүрт сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Салбар хороо ажиллаж, шилдэг оролцогчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулна.

2.1.4. Сонгон шалгаруулалтыг эссе бичлэг, ярилцлага гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулна.

          2.2. Зохион байгуулах төв хороо хөтөлбөрт шалгарсан оролцогчдын нэрсийг хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрууд дахь Салбар хороонд 2017 оны 6 сарын 1-ний өдрийн дотор мэдэгдэнэ.

          2.3. Салбар хороо хөтөлбөрт шалгарсан оролцогчдод “Батламж”-ийг гардуулж, Монгол руу зорчих визийг нь түргэн шуурхай олгож, зохих бусад дэмжлэгийг үзүүлнэ.

 

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, тэтгэлэг

3.1. Хөтөлбөрийг Монгол судлалын үндэсний зөвлөл, “Монгол сан” ТББ, “EBI” хүрээлэн 2017 оны 8 дугаар сарын 07–18-ны өдрүүдэд Монгол Улсад хамтран хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хот дахь монгол судлалын төвүүд, номын сан, музей, архивын газраар зочлох, эрдэмтдийн лекц сонсох, монгол ёс заншил, ахуй орчинтой танилцах аялал зэрэг үйл ажиллагаа хөтөлбөрт багтана.

3.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тал шалгарсан оролцогчдын хоёр талын нислэгийн зардал, Монголд байрлах байр, хоол, аяллын зардлыг бүрэн хариуцна.