ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ДОН ПРАМУДВИНАЙ-ТАЙ БАНГКОК ХОТНОО УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Тайландын Вант Улсын Гадаад хэргийн сайд Дон Прамудвинай-тай Бангкок хотноо 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уулзав.

Уулзалтаар хоёр улсын сайд нар Монгол, Тайландын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс  бүс нутгийн интеграцийн үйл явцад идэвхтэй оролцож, тухайлбал АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш орон болох эрмэлзэлтэй байдгийг тэмдэглээд манай энэхүү хүсэлтийг Тайландын зүгээс үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.