“ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ГЭРЭЭНИЙ ТАЙЛАН, ИЛТГЭЛ БОЛОВСРУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ГХЯ-НД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс нэгдэн орсон олон улсын зарим конвенцийн тайлан, илтгэлийг тогтмол хугацаанд хүргүүлж, хэлэлцүүлэх үүрэгтэй билээ. Эдгээр олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах, дотоодын хууль тогтоомжид нийцүүлэх, тайлан илтгэлийг цаг тухайд нь чанартай боловсруулж хүргүүлэх, төрийн байгууллагын хүний эрхийн салбарын мэргэжилтнүүдийн  чадавхийг сайжруулах зорилгоор Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын албатай хамтран “Олон улсын хүний эрхийн гэрээний тайлан, илтгэл боловсруулж, хэлэлцүүлэх нь” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 18-19-ны өдөр ГХЯ-д зохион байгуулж байна.

Сургалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,  НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хадагтай Биата Транкман нээж уг сургалтын ач холбогдол, үр нөлөөний талаар үг хэлэв.

Энэ удаагийн сургалтыг Женев хотноо 5 дугаар сарын 26-ны өдөр болох Хүүхдийн эрхийн конвенцийн үндэсний 5 дахь удаагийн тайлангийн хэлэлцүүлэг, 7 дугаар сарын 6-7-ны өдөр болох Иргэний болон улс төрийн эрхийн пактын Үндэсний 6 дахь удаагийн тайлангийн хэлэлцүүлгийн өмнө зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ болж байгааг түүнд оролцогсод онцлов.

Сургалтад Иргэний болон улс төрийн эрхийн тухай пакт, Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн тайлан, илтгэл хариуцан боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл, НҮБ-ын суурийн төлөөлөгчийн газар, Хүүхдийн сан, Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын ажилтнууд оролцов.