ЭЛЧИН САЙД О.ОЧ НИДЕРЛАНДЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЮРГЕН РИГТЕРИНКТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд О.Оч Нидерландын Хөгжлийн банк (FMO)-ны Гүйцэтгэх захирал Юрген Ригтеринктэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

FMO банк нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг бөгөөд манай улсад банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж буй юм. Түүнчлэн манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, манай улсын анхны салхин цахилгаан станцыг байгуулахад оролцсон.

Цаашид тус банкны зүгээс манай улсад агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын халаалтын системийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд энэ чиглэлээр манай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой Нидерландын компаниудыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.