ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.05.15-2017.05.19

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ АНДЭЗНК-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ш.АХТАРТАЙ УУЛЗАВ

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 73 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ш.Ахтартай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ДОН ПРАМУДВИНАЙ-ТАЙ БАНГКОК ХОТНОО УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Тайландын Вант Улсын Гадаад хэргийн сайд Дон Прамудвинай-тай Бангкок хотноо уулзав. Уулзалтаар хоёр улсын сайд нар Монгол, Тайландын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ш.Ахтарын урилгаар “Ази, Номхон далайн бүсийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцов.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНАСАУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн-ий урилгаар БНАСАУ-д айлчлав. Дэд сайд Б.Батцэцэг айлчлалын хугацаанд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга, Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, Ардын Дээд Хурлын Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ен, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн-тэй албан ёсны хэлэлцээ хийв.

МОНГОЛ, ВЕНЕСУЭЛИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын Гадаад хэргийн дэд сайд Феликс Рамон нар хоёр улсын ГХЯ-д хооронд улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.