ВАШИНГТОН ДИ СИ ХОТЫН “СТУАРТ ХОБСОН” ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Washington Performance Arts” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Еmbassy Аdoption” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Вашингтон Ди Си хотын “Стуарт Хобсон” дунд сургуультай хамтран тус сургуулийн сурагчдад зориулсан Монгол Улсын тухай дөрвөн удаагийн сургалтыг зохион байгуулав.

Энэхүү сургалт 2017 оны 2 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 10-ны хооронд үргэлжлэн явагдаж, “Стуарт Хобсон” дунд сургуулийн 6 дугаар ангийн 100 гаруй сурагчийг хамруулсан бөгөөд Монгол Улсын түүх, хэл соёл, ёс заншлын тухай тодорхой мэдлэг, мэдээллийг сурагчдад өгснөөрөө онцлог байв.  Мөн сургалтын үеэр сурагчдад  “Гоо ертөнц” нийгэмлэгийн тэргүүн Н.Ганхуяг “Чингис хаан” үзэсгэлэнгийн хэсгээс сонирхуулж, АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Монгол сургуулийн дэргэдэх “Монгол бүжгийн хамтлаг”-ийн багш Б.Дэлгэрмаа сурагчийн хамт монгол бүжгийн үзүүлбэрийг толилуулж, ЭСЯ-ны зүгээс монгол хоолоор дайлав.

Сургалтын төгсгөлд “Стуарт Хобсон” дунд сургуулийн 30 гаруй сурагч 5 дугаар сарын 10-ны өдөр ЭСЯ-д зочилж, 2016-2017 оны хичээлийн жилд Монгол Улсын талаар олж авсан мэдлэг, мэдээллээ хуваалцаж, хөгжөөнт тааврын тэмцээн явуулав. Энэ үеэр ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд консулын хэлтсийн дарга А.Ариунаа сурагчдыг Монгол Улсын талаар олон зүйлийг сурч мэдсэнийг сайшааж, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ. “Стуарт Хобсон” дунд сургуулийн сурагчид 6 дугаар сард болох “Model UN” хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлөн оролцох юм.