ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Засгийн газраас баталсан хуваарийн дагуу Гадаад харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээ 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр амжилттай болов.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Дипломат корпусын ахлагч Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролова нар үг хэллээ.

Өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, онцлог, цаашдын зорилтын талаар иргэдэд таниулан сурталчилж, иргэдийн саналыг сонсож, гадаад харилцааны түүхэн үйл явдлыг он цагийн дарааллаар дэлгэн үзүүлсэн үзэсгэлэн гаргав.

Түүнчлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т ГХЯ-наас гадна Монгол Улсад суугаа Австрали, Америк, Англи, Вьетнам, Герман, Казахстан, Канад, Куба, Кувейт, БНСУ, БНХАУ, Лаос, Турк, Франц, Чех, Энэтхэг, Эмиратын ЭСЯ, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, Шведийн өргөмжит консулын газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Дипломат эмэгтэйчүүдийн клуб зэрэг байгууллага сурталчилгааны булан ажиллуулж, ажил хэрэгчээр оролцлоо.

Өдөрлөгт оролцсон иргэд өөрийн сонирхсон болон шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг яамны ажилтнуудаас биечлэн авч, гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ярилцав. Иргэдээс гаргасан санал хүсэлт, зөвлөгөөг нэгтгэн анхаарвал зохих асуудлыг цаашдаа үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн илэрхийлэв.