ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ФРАНЦ УЛСЫН ЕВРОП БОЛОН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КРИСТИАН МАССЕТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Францын Европ болон Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кристиан Массетай Парис хотноо 5 дугаар сарын 29-нд уулзаж, хоёр орны улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

            Уулзалтын эхэнд дэд сайд Б.Батцэцэг францын Ерөнхийлөгчийн болон ирэх сард болох парламентын сонгуулийг анхааралтай ажиглаж буйг дурдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, Монгол Улсын Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Арева группын төслийн үйл ажиллагааны талаар дотоодын хууль тогтоомжийн явцын талаар мэдээлэл өгөв.

Мөн тэрээр хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахад дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж чухал үүрэгтэйг онцлохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 онд Франц Улсад хийсэн айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдэгдэлд заасны дагуу монголын тал Францын Ерөнхий сайдын айлчлалыг ирэх онд хэрэгжүүлэх хүсэлтэй буйг илэрхийлж, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлыг хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах нь зүйтэй хэмээв.

            Ноён Кристиан Массе шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Эммануэл Макроны Ази дахь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд Монгол Улстай харилцаа харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзлэх бөгөөд Монгол Улсад сүүлийн 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй францын Арева групптай хамтарсан уул уурхайн төслөө хоёр тал амжилттай хэрэгжүүлэх нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг аж үйлдвэрийн түншлэлийн түвшинд хөгжүүлэх, улмаар францын бусад томоохон аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулах бодит сонирхол бий болгоход  ихээхэн чухал гэдгийг цохон тэмдэглэв.

Мөн  хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сансарын салбарт хамтран ажиллах өргөн боломжууд байгаа хэмээгээд Францын Сансар судлалын Үндэсний төв, Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахад францын тал бэлэн буйгаа илэрхийлэв.

Энэхүү уулзалтаар Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгуулах, Улаанбаатар дахь Франц сургууль, Альяанс Франсэйз төвийн багшлах орон тоо, виз зэрэг бусад асуудалд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиров.