Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Азийн бүсийн захирал Доктор Мариа Ненэтте Мотусыг хүлээн авч уулзав. Монгол Улс 2008 онд ОУШХБ-ын гишүүнээр элссэн. Цаашид энэ байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлийг бодлогын түвшиндээ олон улсын шилжилт хөдөлгөөний чиг хандлага болон Засгийн газрын бодлого, зорилттой уялдуулах, практик түвшиндээ монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг сайжруулах, хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлэх саналыг Төрийн нарийн бичгийн дарга уулзалтын үеэр тавьж ярилцлаа.

1990-ээд оноос эхэлсэн манай гадаад шилжилт хөдөлгөөн Монгол Улсын хувьд хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, эрх зүйн асуудлыг хамарч, Засгийн газраас энэ  чиглэлийн бодлого, эрх зүй, үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж, олон улсын түвшнд хүргэх зорилт тавьж буй энэ үед ОУШХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь ач холбогдолтой гэдгийг мөн тэмдэглэн хэлэв.

Хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн нийгэм-эдийн засгийн байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар ОУШХБ-тай хамтран сэдэвчилсэн судалгаа хийж, иргэд олноор оршин суугаа гадаадын 1-2 улсад иргэдээ дэмжих төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Хилийн чанадад хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон иргэнийг аврах төслийг хамтран боловсруулах саналыг мөн тавилаа. Шилжилт хөдөлгөөний бодлого, хэрэгжилтэд оролцогч дотоодын байгууллагуудын боловсон хүчний чадавхийг сайжруулах асуудал мөн чухлаар тавигдаж байна. Хамтын ажиллагааны асуудлаа Улаанбаатар болон Бээжингээр хэлэлцээ явуулж, ойрын боломжтой хугацаанд Женев дэхь ОУШХБ-ын төвд айлчилж, эцэслэн тохиролцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ОУШХБ-ын Азийн бүсийн (39 гишүүн орон) захирал Доктор Мариа Ненэтте Мотус шинээр томилогдсон даруй Азийн орноор айлчилж байгаа тухайгаа болон тус байгууллагын хөтөлбөрүүдийн талаар танилцуулав. Азийн бүсийн хувьд дотоодын шилжилт хөдөлгөөний талаар зөвлөгөө өгөх, мөн гадаадын ажиллах хүчний эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх асуудлаар Монголын НХХЯ, бусад холбогдох төрийн байгууллагатай уулзалт хийснээ тэмдэглэв. ОУШХБ нь НҮБ-ын шилжилт хөдөлгөөний төрөлжсөн агентлаг болж байгаатай холбогдуулан энэ ондоо багтан Монголд бодлогын зөвлөгөөн зохион байгуулахыг санал болгов. Энэ зөвлөгөөний шийдвэрийг Азийн бүсэд нэгдтгээд НҮБ-д танилцуулна.

Док Мариа Ненэтте Мотус Төрийн нарийн бичгийн даргаас тавьсан саналуудыг судалж, ижил байр суурьтай зарим асуудлаар төсөл хэрэгжүүлэх саналаа хариу мэдэгдэхээр болов.