ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.06.05-2017.06.09

АСТАНАД БОЛСОН ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ОРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ТОКИО ХОТНОО БОЛЖ БУЙ “АЗИЙН ИРЭЭДҮЙ” ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо болж буй “Азийн ирээдүй” форумд оролцож байна. Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг энэхүү форумын 6 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойшхи хуралдаанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илтгэл тавьж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, тус бүс нутгийн хөгжил, төлөвийн талаарх манай байр суурийн тухай танилцууллаа.

“ЭМЭГТЭЙЧҮҮД БА НОГООН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ ПАРИС ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНФУ-д хийсэн ажлын айлчлалын үеэрээ “Европ дахь Монгол Эмэгтэйчvvдийн Хөгжлийн Холбоо“-ноос 5 дугаар сарын 27-ны өдөр Парис хотноо зохион байгуулсан “Эмэгтэйчүүд ба ногоон хөгжил” сэдэвт олон улсын бизнес форум болон “Оны шилдэг эмэгтэй-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЕВРОПЫН ХОЛБОО (ЕХ)-НООС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ “ХУДАЛДААГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын Холбоо (ЕХ)-ноос Монгол Улсын гадаад худалдааг нэмэгдүүлж, экспортод дэмжлэг үзүүлэх зорилготой “Худалдааг дэмжих (Trade related assistance for Mongolia буюу TRAM)” төслийг хэрэгжүүлэгч ХБНГУ-ын хөгжиж буй эдийн засагтай улсуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ГОПА (GOPA Worldwide Consultants) байгууллагын Кэннет Мунтер, Тоби Филпот нарыг 2017 оны 6 дугаар сарын 6-нд хүлээн авч уулзан төслийн бэлтгэл ажил, хэрэгжилт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцов.