МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ, МУГЖ Г.АРИУНБААТАР “BBC CARDIFF SINGER OF THE WORLD” УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ВВС” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын “BBC Cardiff Singer of the World” уралдаанд Монгол Улсын Соёлын элч, МУГЖ Г.Ариунбаатар, УДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.

Монгол Улсын Соёлын элч, МУГЖ Г.Ариунбаатар Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б. Шаравын “Монголын тал нутаг” болон дэлхийн алдарт Чайковский, Шуберт зэрэг зохиолчдын уран бүтээлээс толилуулж, романс төрөлд “Song Prize” шагналын эзэн боллоо.

Сонгодог хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй энэхүү тэмцээн нь 1983 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн уралдаанд дэлхийн олон орны 20 гаруй залуу уран бүтээлчид өрсөлдсөн юм.