ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.06.12-2017.06.16

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТИЛЛЕРСОН НАР УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсонтой уулзав.

Сайд Ц.Мөнх-Оргилын АНУ-д хийж буй айлчлал нь хоёр улсад шинэ Засгийн газар тус бүр байгуулагдсанаас хойш монголын талаас сайдын түвшинд хийгдэж буй анхны айлчлал бөгөөд АНУ-ын шинэ Засаг захиргааны өндөр албан тушаалтан, америкийн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулах, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэн тодорхойлоход ач холбогдолтой болов.

“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН IV БАГА ХУРАЛ ЭНЭ САРЫН 15-16-НД БОЛОВ

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал энэ сарын 15-16-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болов.

“Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус Бага хуралд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон гэсэн Зүүн хойд Азийн 6 улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц Улс, НҮБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Европын холбоо, Олон улсын эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийг оролцуулсан дотоод, гадаадын нийт 170 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцов.

ЯПОН УЛСЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хуралд оролцож буй  Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки тэргүүтэй төлөөлөгчдийг 15-ны өдөр хүлээн авч уулзав.

БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АМЕРИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хурал энэ 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болж байна. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уг хуралд оролцож буй БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн дэд захирал Ри Ён Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж ярилцав.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АВСТРИЙН ЭЛЧИН САЙД ИРЕНЭ ГИНЕР-РАЙХЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иренэ Гинер-Райхлыг бүрмөсөн буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал  Монгол, Австрийн Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд австрийн талаас олгох 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийн талаар ярилцав.