ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.06.19-2017.06.23

ЕАБХАБ-ЫН СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГИЙН ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзан, энэ 6 дугаар сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн асуудлаар ярилцав.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хатагтай Лаима Лусиа Андрикиентэй хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа өнгөрсөн сард Европын Холбоонд хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, цаашид хийх ажлын талаар ярилцав. Энэ хүрээнд хоёр талын байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох ажлыг түргэвчлэх, Европын Холбооны боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах Монгол оюутан залуусын тоог нэмэгдүүлэх, Европын Холбоотой визийн нөхцлийг хөнгөвчлөх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

МОНГОЛ, ЯПОНЫ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ТОКИО КОМАКИ” БАЛЕТ УЛААНБААТАР ХОТНОО ТОГЛОВ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Азийн анхны балетын компани болох “Токио Комаки” Монгол Улсад айлчлан тоглолт хийж,  МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягтай хамтран Игорь Стравинскийгийн “Галт шувуу” болон Фредерик Шопены “Шопениана”  балетыг Монголд анх удаа УДБЭТ-ын тайзнаа толилуулав.