ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АРФ-ЫН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 2017 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж буй АСЕАН-ы Бүсийн чуулганы (АРФ) Сайд нарын 24 дүгээр уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

АРФ-ын үйл ажиллагаа нь гамшгаас авран хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудалд төвлөрдөг. АРФ-ын даргын үүргийг АСЕАН-ы тухайн жилийн дарга орон гүйцэтгэдэг бөгөөд 2017 онд Филиппиний ээлж тохиож байгаа юм. Энэ удаагийн уулзалтын үеэр АСЕАН үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байгаа болно.

Солонгосын хойгийн хурцадмал байдал, Умард Солонгосын цөмийн туршилт, Хятадын өмнөд тэнгисийн зөрчилдөөн, терроризм, кибер аюулгүй байдлын асуудал АРФ-ын Сайд нарын 24 дүгээр уулзалтын анхаарлын төвд байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дээрх уулзалтад оролцох үеэрээ бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэв. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны чухал бүтцүүд болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох манай улсын хүсэл эрмэлзлийг  нотлов.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ен Хо, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Федерика Могерини нартай хоёр талын уулзалт хийв. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Филиппин зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.