ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол наадам”-ыг хилийн чанадад сурталчлах “Миний Монгол Наадам 2017” уралдааныг ГХЯ, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо” хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хилийн чанад дахь монгол иргэдийн санал, санаачилгаар уламжлал болгон тэмдэглэж ирсэн наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж,  2015 оноос эхлэн жил бүр “Миний Монгол Наадам” уралдааныг хилийн чанад дахь монгол иргэд, холбоод, ТББ-уудын дунд зарлаж ирсэн билээ.

Энэ удаагийн уралдаанд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-ууд идэвхтэй оролцсон бөгөөд 1 дүгээр байрт ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол-Германы ТББ-уудын зөвлөл, 2 дугаар байрт Британи дахь Монголчуудын холбоо, 3 дугаар байрт Бусан дахь Солонгос-Монголын соёлын харилцааны нийгэмлэг тус тус шалгарлаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Миний Монгол Наадам” уралдаанд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж Монголчууд төдийгүй гадаадын иргэдийн дунд хүсэн хүлээдэг арга хэмжээ болон өргөжсөөр байна.