Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн түвшний хоёрдугаар уулзалт 2017 оны 8  дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Москва хотноо амжилттай зохион байгуулагдав.

Гурван талын шинжээчдийн түвшний хоёрдугаар уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны Баруун бүсийн газрын орлогч дарга Шяо Вэймин, оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын дарга Е.Н.Попов нар тус тус ахлав. Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо, Гадаад хэргийн яам, БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Тээврийн яам, Эрчим хүчний яам, “Оросын төмөр зам” нийгэмлэг зэрэг байгууллагын  төлөөлөгч нар оролцов.

Тус уулзалтаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо хооронд Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор”-ын хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн агуулгыг тохиролцож,  үзэглэв. Түүнчлэн талууд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан 32 төслөөс тэргүүлэх ач холбогдол өгч эхний ээлжид хэрэгжүүлэх төслүүдийн талаар  хэлэлцэж, төмөр замын төв коридор, авто замын төв коридор байгуулах, Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах зэрэг 3 төслийг энэхүү санамж бичгийн хавсралтад оруулав.

Талуудын тохиролцсон анхны төсөл хэрэгжиж эхлэхэд “Хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллахаар гурван тал санал нэгдсэн болно.