ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ЭЛЧИН САЙД СОЕГЕНГ РАХАЖО-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Элчин сайд Соегенг Рахажо-г эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Соегенг Рахажо Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны дэд сайд тэмдэглэв. Түүнчлэн Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс Бүгд Найрамдах Индонези Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглээд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцлов. Мөн Индонезид болох Азийн тоглотод оролцох бэлтгэл ажлын хүрээнд монгол тамирчдыг Индонезид бэлтгэл хийлгэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Соегенг Рахажо хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгааг тэмдэглээд цаашид хоёр тал эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав. Үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын Гадаад харилцааны яам бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Элчин сайд Соегенг Рахажо талархал илэрхийлэв.