ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МӨНХ-ОРГИЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 72 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ОРОЛЦОНО

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Түүнчлэн төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИРЖИ БРОДСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иржи Бродскийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

И.Бродский Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ЭЛЧИН САЙД СОЕГЕНГ РАХАЖО-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Элчин сайд Соегенг Рахажо-г эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Соегенг Рахажо Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны дэд сайд тэмдэглэв.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН КОМИССЫН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын дөрөвдүгээр хуралдаан Минск хотноо болов.

Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, беларусийн талаас Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк нарын даргалсан энэхүү хуралдаанаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэж, Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний  биелэлтийг дүгнэн худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул, уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.