МОНГОЛ-ХЯТАДЫН 2 ДАХЬ УДААГИЙН ЭКСПО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-гийн холбогдох арга хэмжээнүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод үргэлжилж байна.

Манай улсын төлөөлөгчид 9 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болсон салбар хуралдаан,  хэлэлцүүлгүүдэд оролцов. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн өндөр түвшний уулзалт”, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төслүүдийг танилцуулах хэлэлцүүлэг”, УИХ-ын гишүүн Д.Мурат “Монгол-Хятад-Оросын уул уурхайн баялгийн ашиглалтын асуудлаарх хэлэлцүүлэг”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч  Г.Чулуунбаатар “Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаарх форум”, “Боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаарх их дээд сургуулийн захирлуудын форум”, ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Соёлын солилцоо ба “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалт” форум, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Олон улсын Монгол анагаах ухааны хөгжил шинэчлэл” форум, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Монгол-Хятадын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын асуудлаарх хэлэлцүүлэг”, “Өвсний аж ахуйн хөгжил шинэчлэл сэдэвт форум”-д тус тус оролцож, үг хэлэв.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав 9 дүгээр сарын 27-ны өдөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэн сонирхож, тус Экспод бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж буй аж ахуй эрхлэгчидтэй уулзав.

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид “ӨМӨЗО-ны музей”, “ӨМӨЗО-ны Шинжлэх ухааны ордон”-г үзэж сонирхов.