ОУСТ-ӨӨС ГАРГАСАН 5 СУДАЛГААНЫ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЖ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ДГХБО-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТАНИЛЦУУЛАВ

Монгол Улсад төвтэй засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан ДГХБО-ын ОУСТ-өөс НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн албатай хамтран НҮБ-ын дэргэд суугаа ДГХБО-ын Элчин сайд, Байнгын төлөөлөгч, хөгжлийн түнш, хандивлагч орон болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт зориулсан тусгай арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд зохион байгууллаа.

Тусгай арга хэмжээнд НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Катоа Утоикаману, НҮБ-ын дэргэдэх ДГХБО-ын Бүлгийн дарга Замби Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч Лазароус Капамбве болон ДГХБО-ын Бүлгийн дэд дарга Монгол Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нар оролцож нээлтийн үг хэлэв.

 

 

Нээлтийн үйл ажиллагааны дараа Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ДГХБО-ын ОУСТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр ДГХБО-ын ОУСТ-ийн 3 жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, хэлэлцээр хүчин төгөлдөр болсоноор цаашид авах арга хэмжээ, ОУСТ-ийн Удирдах зөвлөлийг байгуулах, удирдах зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, 2017 онд ОУСТ-өөс гаргасан 5 судалгааны албан ёсны нээлтийг хийж, судалгааны үр дүнг ДГХБО-ын төлөөлөгчдөд танилцуулав.

Танилцуулсан судалгаанууд:

  1. “Олон улсын худалдаа ба уялдаа холбоо: Лаос Улсын жишээ: “Голланд өвчин” үзэгдлийн талаар авч үзэх нь – Лаос Улсын олон улсын худалдаа болон хүнсний аюулгүй байдалд гадаадын шууд хөрөнгө оруулалт ба эдийн засгийн төрөлжүүлэлтийн үзүүлэх нөлөө” (International Trade Connectivity – Revisiting ‘Dutch Disease’: The Impact of Foreign Direct Investment and Economic Diversification on the International Trade and Food Security of Laos) сэдэвт судалгаа,
  2. “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн холбоос: Азербайжан Улсын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн үсрэнгүй хөгжил” (ICT Connectivity – The Process of Technology Leapfrogging: Insights from the National ICT Infrastructure Development Journey of Azerbaijan) сэдэвт судалгаа,
  3. “Тээвэр болон дэд бүтцийн холбоос: Төв Ази дахь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын агаарын чөлөөт тээврийг хөгжүүлэх нь” (Transport Connectivity – Modelling the Potential for Aviation Liberalization in Central Asia) сэдэвт судалгаа,
  4. “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дамжин өнгөрөх тээврийн тухай хоёр талт хэлэлцээрүүд: үр ашиг ба саад тотгор – Энэтхэг-Балба Улсын жишээ” (Bilateral Transit and Transportation Agreements of LLDCs: Benefits and Bottlenecks – Case India and Nepal) сэдэвт судалгаа,
  5. “ДГХБО-ын бүс нутгийн интеграцчлалыг дахин авч үзэх нь” (Rethinking regional integration for LLDCs) сэдэвт судалгаа зэрэг болно.