Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 10 дугаар сарын 30-нд Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Султан Салмиин Саид Аль-Мансури-г хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд Султан Аль-Мансури Катарын Гадаад хэргийн сайд Мохамед Бин Абдулрахман Аль-Тани-гаас сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, Катар Улс Монголтой соёл, спорт, аялал жуулчлал, эдийн засаг зэрэг олон салбарт харилцаагаа хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Мөн тэрээр Катар Улсын Хөрөнгө оруулалтын газар Монголд хөрөнгө оруулалт хийхийг сонирхож байгаа гэдгийг дурдаж, Монголд хөрөнгө оруулалт хийх боломжтой салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хөгжлийн болон хөрөнгө оруулалтын тодорхой төсөл танилцуулахыг санал болгов.

Сайд Д.Цогтбаатар манай хоёр улс найрсаг сайн харилцаатай, Катар Улсын орчин үеийн эдийн засгийн салбарууд, тухайлбал үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалтын салбарт олсон туршлагаас нь суралцах, хөрөнгө оруулалт татах, соёл, спортын дипломат бодлогын чиглэлээр хамтарч ажиллахын чухлыг тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар Катар Улсыг 2018-2020 оны НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв.

Монгол, Катарын хооронд 1998 оны 1 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон. 2017 оны эхний 9 сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлт 470 шахам мянган ам.доллар байгаагаас манай тал 200 шахам мянган ам.долларын экспорт хийжээ. Катарын Засгийн газраас 2006 онд манай улсын Мянганы зам төсөлд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон бөгөөд тусламжийн мөнгөөр Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд 65 км хатуу хучилттай замыг барьжээ.