МОНГОЛ, ПАРАГВАЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АСУНСИОН ХОТНОО БОЛОВ

Парагвай Улсад айлчилж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Парагвайн Гадаад хэргийн дэд сайд Федерико Гонзалезтай уулзаж, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.Мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам, Парагвай Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2017 оны 11 дүгээр сарын 9-нд Асунсион хотноо амжилттай болж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтыг хоёр улсын Гадаад хэргийн Дэд сайд нар тэргүүлэн оролцов. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хэлэлцэн, НҮБ болон бусад олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Улмаар хоёр талын хамтын ажиллагааг талуудын бодит боломжид тулгуурлан боломжтой чиглэлээр хөгжүүлэх, тухайлбал, эдийн засаг, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, соёлын салбарт хамтран ажиллах, туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

Хөдөө аж ахуйн салбарт арвин туршлагатай Парагвай Улсын туршлага тухайлбал үхрийн махны экспорт, төр, хувийн хэвшлийн түншлэлд түшиглэн махны экспортыг нэмэгдүүлсэн мах экспортлогч компаниудад зориулсан нэг цонхны бодлого хэрэгжүүлсэн талаар судлах, хамтран ажиллах тухай ярилцав. Парагвайн тал манай саналыг хүлээн авч, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ дэмжин хамтран ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, цаашид Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хамтын ажиллагаа (ФЕАЛАК) зэрэг бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Парагвай Улс нь Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үүсгэн байгуулагч 10 гишүүн орны нэг бөгөөд цаашид судалгааны төвийн үйл ажиллагаанд хүчээ нэгтгэн идэвхтэй хамтран ажиллахын чухлыг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Түүнчлэн хоёр тал дипломат, албан паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллахаар болов.Манай улс Латин Америкийн орнуудаас Мексик, Куба, Бразил, Аргентин, Колумби, Парагвай зэрэг улстай ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай ажиллаж байна.