МОНГОЛ, КУБЫН СПОРТЫН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц. Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд Кубын нийслэл Гавана хотноо зохиогдож буй “Спорт ба хүний хөгжил”  сэдэвт AFIDE 2017 биеийн тамир спортын асуудлаарх Олон улсын VII хуралд оролцож байна. 

 

Ц.Шаравжамц 11 дүгээр сарын 23-нд Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институтын Ерөнхийлөгч Антонио Эдуардо Бекалитай уулзаж, хоёр улсын хооронд биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллаж ирсэн баялаг туршлагыг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.  

Тухайлбал, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институт хооронд 2014 онд байгуулсан “Биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.   

Кубын тал 2020 онд Токио хотноо болох Зуны Олимпын наадамд оролцох үндэсний шигшээ баг тамирчдын тэмцээний өмнөх бэлтгэлийг Монголын жүдо, бокс, чөлөөт бөхийн шигшээ баг тамирчидтай хамтран зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн бол манай тал Кубаас бокс болон волейболын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг Монголд гэрээгээр ажиллуулах санал тавьж, хамтран ажиллахаар тохиролцов.  

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр байлцав.