“МОНГОЛ: ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН” НОМЫГ ТАНИЛЦУУЛАВ

Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж,  Бүгд Найрамдах Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан БНЭУ-д суугаа ЭСЯ 2017 оны 11 дүгээр сарын 24-нд  Шинэ Дели хотноо ”Монгол: Хөх тэнгэрийн орон” ном хэвлүүлснээ танилцуулав.

Энэтхэгийн төр, Засгийн засгийн газрын болон ажил хэргийн холбоотой Монголын анд, нөхөд, Шинэ Дели дахь Дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд оролцсон энэхүү арга хэмжээг Элчин сайд Г.Ганболд нээж үг хэлэв. Тэрбээр Монгол, Энэтхэг эртний түүх, арвин соёлтой ард түмэн. Түүх, соёл, оюун санааны бат хэлхээ, элэгсэг дотно харилцаа тэднийг холбож байдгийг тэмдэглэв.

 Манай хоёр улс ардчилал, чөлөөт эдийн засгийн харилцааг сонгосон төдийгүй, улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн биеэ даасан байдлаар бататган бэхжүүлэхийг зорьдог. Уламжлалт дотно хэлхээ холбоонд суурилсан энэхүү уламжлалт найрсаг харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.

“Монгол: Хөх тэнгэрийн орон” номонд Элчин сайдын мэндчилгээ, нийтлэл,  Энэтхэгийн монголч эрдэмтдийн сонирхолтой ярилцлага, Монгол-Энэтхэгийн найрсаг харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, аж үйлдвэрийн хөгжлийн тухай баримт мэдээлэл, Монгол угсаатны ёс заншил, зан үйл, ахуй амьдрал, онгон байгаль, дурсгалт газруудыг харуулсан гэрэл зураг, англи хэлнээ хөрвүүлэгдсэн Монголын уран бүтээлчдийн шүлэг, яруу найргийн дээжис багтжээ.